“УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН ЭХНИЙ 110 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО.
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барьж байгаа бөгөөд эхний ээлжийн 4 блок, 110 айлын орон сууц ашиглалтад ороход бүрэн бэлэн болж, оршин суугчдаа хүлээн авах нөхцөл бүрдлээ.
Үүнтэй холбогдуулан зохион байгуулсан нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн болон төсөл хэрэгжүүлэгч, холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.
Тус төсөл нь Нийслэлийн гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын хөгжлийг дэмжих зорилготой юм.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд:
Эхний ээлжийн 4 блок, 110 айлын ногоон орон сууц ашиглалтад ороход бүрэн бэлэн болсон.
Хоёрдугаар ээлжийн 6 блок, 228 айлын орон сууцны барилга угсралтын ажил 72 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Ногоон орон сууцны төсөл нь эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ дэд төвүүдэд суурилсан хотын тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн дараагийн үе шатны санхүүжилт, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж, Нийслэлийн тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй орон сууцны хөгжлийг дэмжих чиглэлээр Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

