ГЭР ХОРООЛЛЫН 800 ОРЧИМ ӨРХИЙГ НАРНЫ БИЧИЛ СҮЛЖЭЭ, ЦАХИЛГААН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй гэр хорооллын 800 орчим өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбох төслийн ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалт боллоо.
Уулзалтаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн боловсруулалт, техникийн шийдэл, хэрэгжилтийн үе шат, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц болон боломжит эх үүсвэрүүдийг нарийвчлан хэлэлцэж, цаашдын ажлын чиглэлийг тодорхойлов.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Баянхошууны баруун болон зүүн салаанд талбайн судалгаа хийж, нарны бичил сүлжээ болон цахилгаан халаалтын системийг нэвтрүүлэх боломжит хувилбаруудыг боловсруулаад байна. Судалгааны үр дүнд тулгуурлан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн болон санхүүгийн нөхцөл, талуудын оролцоо, дараагийн шатны ажлуудыг уялдуулахад энэ удаагийн уулзалт чиглэлээ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын менежмент, хэрэгжилтийн зохион байгуулалт, Олон Улсын байгууллагын дэмжлэг болон санхүүжилтийг төслийн бодит хэрэгжилттэй уялдуулах чиглэлээр ажиллаж байна.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын өрхүүдийн дулаан, цахилгааны хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, нүүрсний хэрэглээ болон түүнээс үүдэлтэй ялгарлыг бууруулахын зэрэгцээ карбон кредит, зах зээлийн санхүүжилтийг ашиглах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм

