COP17: МОНГОЛ УЛС “НОГООН ДАТА ТӨВ” БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА.

COP17: МОНГОЛ УЛС “НОГООН ДАТА ТӨВ” БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА.

 

🌍 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа.

🇲🇳 Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилтыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацтай уялдуулах “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгын хүрээнд ногоон болон дижитал дэд бүтцийн шинэ төслүүдийг хөгжүүлэхээр зорьж байна. “Ногоон дата төв” төсөл нь Монгол Улсын 2026–2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.

✅ Тус төв нь өгөгдөл хадгалах дэд бүтцээс гадна байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судалгаа, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюуны шийдлийг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн дижитал платформын суурь байхаар төлөвлөгдөж байна.

🇲🇳 Монгол Улсын сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөц, бүс нутгийн томоохон зах зээлүүдийн дунд орших стратегийн байршил нь сэргээгдэх эрчим хүчид суурилсан дата төвийн дэд бүтцийг хөгжүүлэх давуу нөхцөл бүрдүүлж байна.

🌏Дэлхий даяар хиймэл оюун ухаан, үүлэн тооцооллын хэрэглээ өсөхийн хэрээр дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, сэргээгдэх эх үүсвэр, өндөр үр ашигтай хөргөлт, нүүрстөрөгчийн бага ялгаралтай дэд бүтцийн эрэлт эрчимжиж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн уг танилцуулгад оролцлоо. Нийслэлийн ногоон болон дижитал дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалтын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, Олон Улсын хөрөнгө оруулагч болон санхүүжилтийн эх үүсвэртэй холбох чиглэлээр ажиллаж буй манай байгууллагын хувьд “Ногоон дата төв” зэрэг томоохон төслүүд нь хотын ирээдүйн хөрөнгө оруулалтын шинэ боломжийн нэг хэсэг юм.