2027 ОНЫ ТӨСӨВ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа.
Төсвийн төсөлд иргэдийн бодит орлогыг хамгаалах, бизнесийн татварын ачааллыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээнүүд тусгажээ.
Тухайлбал, нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачааллыг 1 их наяд төгрөгөөр, 180 мянга орчим компанийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байна. Мөн жижиг, дунд бизнес болон дундаж давхаргыг 1.1 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжиж, орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, 16 мянган өрхийг орон сууцанд хамруулахаар тусгажээ.
Хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд улс, орон нутгийн төсөв, гадаад эх үүсвэр, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтыг хослуулан 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлийг тодотгож байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, төсвийн бус эх үүсвэр болон хувийн хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.