ЭКСПОРТ 14.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА.
Үндэсний статистикийн хорооны сүүлд шинэчилсэн гадаад худалдааны статистикаар, 2026 оны эхний найман сард Монгол Улсын экспорт 14.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өссөн байна.
Үүний үр дүнд гадаад худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 3.6 дахин нэмэгджээ.
Экспортын өсөлтийг уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнүүд дэмжсэн бөгөөд зэсийн хүдэр, баяжмалын экспортын үнийн дүн 2.8 тэрбум ам.доллароор, нүүрсний экспорт 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Нийт экспортын 92.7 хувь БНХАУ-ын зах зээлд ногдож, зэс болон нүүрс нийлээд экспортын орлогын 80 гаруй хувийг бүрдүүлжээ.
Экспортын орлого, гадаад худалдааны ашиг нэмэгдэж байгаа нь Монгол Улсын гадаад валютын урсгал, төлбөрийн тэнцэл болон макро эдийн засгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Олон Улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын зах зээлд хандах үнэлгээ, санхүүжилтийн орчинд нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг нэмэгдүүлэх, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрийг өргөжүүлэх, дотоод болон Олон Улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад худалдаа, валютын урсгал, зээлжих орчин зэрэг хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтмол судлан, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд тусган ажиллаж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо