“COMEUP 2026” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ГАРААНЫ КОМПАНИУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, “Нийслэлийн Бизнес, инновацын газар”, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED) нар хамтын ажиллагааны хүрээнд “COMEUP 2026 – Global Startup Festival” Олон Улсын арга хэмжээнд Монгол Улсаас оролцох 3 гарааны компанийг сонгон шалгаруулна.
Тус арга хэмжээ 2026 оны 12 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын “COEX” үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, технологийн компаниудыг нэгтгэсэн Олон Улсын томоохон арга хэмжээ юм.
Сонгон шалгаруулалтад мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, байгуулагдаад 7 жил болоогүй, олон улсын зах зээлд өргөжин тэлэх боломжтой, англи хэлээр төслөө танилцуулах чадвартай гарааны компаниуд оролцох боломжтой.
Шалгарсан 3 гарааны компани бүтээгдэхүүн, технологийн шийдлээ Олон Улсад танилцуулах, БНСУ болон бусад улсын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх боломжтой. Мөн Монгол–БНСУ чиглэлийн хоёр талын нислэгийн тийз, зочид буудлын зардлыг зохион байгуулагч талаас бүрэн санхүүжүүлнэ.
Сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагдана.
* I шат: Материал хүлээн авах — 10 дугаар сарын 14–22
* II шат: Шилдэг 6 төслийг шалгаруулах — 10 дугаар сарын 26
* III шат: Шилдэг 3 төслийг эцэслэн шалгаруулах — 11 дүгээр сарын 3-ны дотор
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох, Олон Улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улс, БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Бүртгэлийн хугацаа: 2026.10.14–10.22
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/.../1OYHdrsyoO5GfyGmF.../viewform...
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7011-1291