ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 186.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ БАТАЛЛАА.
2026 оны улсын төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 186.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсны 107 тэрбумыг айл өрхийн цахилгааны үнийн дарамтыг бууруулахад зориулна.
Өрхийн эрчим хүчний зардлыг бууруулахад төсвийн дэмжлэг чухал ч урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, төвлөрсөн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах шийдэл мөн шаардлагатай.
![]()
Энэ чиглэлд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 орчим өрхийг нарны эрчим хүчний бичил сүлжээ болон цахилгаан халаалтад холбох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн ТЭЗҮ, техникийн шийдэл, хэрэгжүүлэх үе шат, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтцийг тодорхойлох ажил үргэлжилж байгаа бөгөөд тус компани төслийн хөрөнгө оруулалтын зохицуулалт, санхүүжилтийн боломжийг судлан ажиллаж байна.
Төсвийн тодотголоор өрхүүдэд үзүүлэх дэмжлэг нь ойрын хугацааны үнийн дарамтыг бууруулахад чиглэж байгаа бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх төсөл нь өрхийн эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах урт хугацааны шийдлийг хөгжүүлэхэд чиглэж байна.