ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ТОМООХОН ТӨСӨЛ “ТУУЛ-1” КОЛЛЕКТОР 25 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын бохир усыг төвлөрсөн шугам сүлжээнд татан зайлуулах стратегийн ач холбогдол бүхий “Туул-1” коллекторын бүтээн байгуулалтын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бохир усыг стандартын дагуу татан зайлуулах, хөрсний болон орчны бохирдлыг бууруулах, улмаар Улиастай, Шархад, Амгалан, Дамбадаржаа, Дарь-Эх, Чингэлтэй зэрэг бүсийн инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Төслийн хүрээнд 1500 мм-ийн голчтой, 30 км урт шугамыг Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Улаанбаатар хотод 1980-аад оноос хойших бохир усны хамгийн том гол шугамын бүтээн байгуулалтад тооцогдож байна.
Одоогийн байдлаар шугам угсралтын ажлыг 2025 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд 6 км шугам угсрахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гурван бригад ажиллаж байна.
“Туул-1” коллекторын төсөл нь Нийслэлийн гэр хорооллыг үе шаттайгаар дэд бүтэцжүүлэх, хот төлөвлөлтийн тэлэлтийг дэмжих, цаашдын хөрөнгө оруулалт, барилгажилтын суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь инженер технологийн зөв шийдэл бүхий төслүүдийг урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой бүтэцтэй уялдуулах чиглэлд ач холбогдол өгч ажиллаж байна