ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА.
Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд өсөж, газрын доорх усанд тулгуурласан өнөөгийн хангамж урт хугацаандаа эрсдэл дагуулах нөхцөл бүрдэж байна. Ийм үед гадаргын усанд тулгуурласан шинэ эх үүсвэр болох Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, суурь судалгааны ажлуудыг үе шаттай үргэлжлүүлж байна.
ТЭЗҮ-ийн хүрээнд:
инженер, геологийн болон топографийн судалгаа,
цооногийн бичиглэл,
лабораторийн шинжилгээний ажлууд хийгдэж байна.
Мөн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй БНЭУ-ын гүйцэтгэгч байгууллагатай шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлд ажиллаж байна.
Урьдчилсан судалгаагаар тус төсөл нь 5569 га талбайд ус хуримтлуулж, 50–100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байхаар тооцоологдож байна. Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт боомт байгуулж, доод хэсэгт нь ус цэвэршүүлэх үйлдвэр, бага оврын усан цахилгаан станц, мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойн цогц шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Туул усан цогцолбор төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгагдсан усны аюулгүй байдлыг хангах чухал төслүүдийн нэг юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурт нийцсэн тогтвортой хөгжлийн төслүүдийг төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө оруулалтын бүтэц, ногоон санхүүжилтийн боломжтой уялдуулан хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.