НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ 16 МЕГА ТӨСЛИЙН ЯВЦ УРАГШИЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, эрчим хүч, орон сууц, усан хангамж болон хот байгуулалтын чиглэлээр хэрэгжиж буй 16 мега төслийн ажил үе шаттай урагшилж байна.
Ажлын явцаас дурдвал: "Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн I шатанд зургаан улсын 27 компани сонирхлоо илэрхийлж, II шатны тендерийг долоодугаар сарын 3-нд нээхээр төлөвлөжээ.
“Тусгай замын автобус” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бол “Улаанбаатар трам” төслийн II шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлагдаж, төслийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралтын ажил 58 хувьтай үргэлжилж, 19 тулгуур баганыг бүрэн угсарч дуусжээ.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн Олон Улсын нээлттэй тендерт дөрвөн аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн бол “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил 95 хувьтай үргэлжилж байна.
“Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж, эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Мөн “Туул усан цогцолбор”, “Дулааны V цахилгаан станц”, “Лаг шатаах үйлдвэр”, “Олон түвшний уулзвар” зэрэг стратегийн төслүүдийн техник, санхүү, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд үргэлжилж байна.
Эдгээр төслүүд нь Нийслэлийн түгжрэлийг бууруулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг бүрдүүлэх, орон сууцжуулалтыг эрчимжүүлэх, хотын дэд бүтцийн хүртээмжийг шинэ шатанд гаргахад чиглэж буйгаараа онцлог юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын шийдэл, хэрэгжилтийн бэлтгэлийг мэргэжлийн түвшинд дэмжин ажиллаж байна.