ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ТӨСЛИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн удирдлагын багийн хамт ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны болон “ICED” төслийн дараагийн үе шатны бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо.
Уулзалтаар гарааны бизнес болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломж, төслийн бэлтгэл ажлын уялдаа, хэрэгжилтийн ерөнхий чиглэлийн талаар хэлэлцэв.
“ICED” төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын бизнесүүдийн өсөлт, хөрөнгө оруулалт татах чадавх, экспортын бэлэн байдлыг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааны хүрээг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Төслийн хүрээнд бизнесийг үе шаттай бойжуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, чадавхжуулах, “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-аар дамжуулан хөрөнгө оруулалтын дэмжлэг олгох, цаашдын өсөлтийг дэмжих шийдлүүдийг уялдуулах боломжийн талаар талууд санал солилцов.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд гарааны болон жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй санхүүжилтийн боломжийг тэлэх, цаашид хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр ярилцлаа.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын хамтын ажиллагаанд тулгуурласан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдлийг урагшлуулж, гарааны болон жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих бодит боломжийг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна.

