НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” (GGGI)-ийн төлөөлөлтэй онлайн уулзалт зохион байгуулж, Нийслэлд хэрэгжүүлэх ногоон хөгжил, цэвэр эрчим хүч, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй гэр хорооллын өрхүүдийг нүүрснээс цэвэр эрчим хүч рүү үе шаттай шилжүүлэх, айлуудын дулаалга, нарны эрчим хүч болон зай хураагуурт суурилсан шийдэл, цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтэц, мөн сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудыг ногоон эрчим хүчний эх үүсвэрт холбох зэрэг чиглэлүүдийг онцлон хэлэлцэв.
Мөн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд “Нийслэлийн ногоон сан”, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, нүүрстөрөгчийн зах зээл болон тогтвортой санхүүжилтийн боломжийг ашиглах талаар байр сууриа солилцсон байна. “GGGI”-ийн зүгээс ногоон бонд, сэдэвчилсэн санхүүжилт, техникийн туслалцаа, тайлагнал болон Олон Улсын стандартын дагуух дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.
Уулзалтын үеэр цаашид Улаанбаатар хотын ногоон шилжилтийг дэмжих чиглэлээр өргөн хүрээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, тодорхой төслүүд дээр нарийвчилсан хэлэлцээ хийх, энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг хамтын ажиллагааны зохицуулагч тал болгон ажиллуулах талаар санал нэгдэв.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжүүлэх ногоон хөгжил, цэвэр эрчим хүч, тогтвортой дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн шийдлийг боловсруулах, олон улсын түншлэлийг уялдуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
