НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзаж, хамтын ажиллагааны явц болон цаашдын боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Х.Нямбаатар НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байгааг онцолж, НҮБ-ын Хүүхдийн сангийн “ЧИП” төслийн хүрээнд 1385 өрхийг хамруулсан, мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-тай хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг хэрэгжүүлж буйг тэмдэглэлээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран HPV болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдаж, цаашид байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр Нийслэлтэй цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжиж, Нийслэлийн тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг ханган ажиллаж байна.