ШАРХАД ДЭД ТӨВД 338 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Гэр хорооллыг дахин төлөвлөх, орлогод нийцсэн ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Шархад дэд төвийн 19.2 га талбайд нийт 2816 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн билээ.
Тус төсөл нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд орон сууц, инженерийн дэд бүтэц, боловсрол, худалдаа үйлчилгээ, ногоон байгууламжийг цогцоор нь шийдвэрлэх замаар гэр хорооллын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулахад чиглэж байна.
Төслийн хүрээнд барилгын дээвэр дээр нарны эрчим хүчний панел суурилуулж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар цахилгаан хэрэглээг 20 хүртэл хувиар хэмнэх боломж бүрдэж байна. Мөн Монголд анх удаа хөөмөл шилэн дулаалгын технологийг ашиглаж байгаа нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан алдагдлыг бууруулах ач холбогдолтой юм.
Түүнчлэн усны хэрэглээг хэмнэх шийдлийг нэвтрүүлж, айл өрхийн холигчоос гарах усны хэмжээг минутад 6 литрээс ихгүй байхаар тохируулсан байна. Төслийн нийт талбайн 30-40 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн нь оршин суугчдын амьдрах орчны чанарыг сайжруулах чухал шийдэл болж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-аар дамжуулан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” салбар төслийн хүрээнд хэрэгжих 4200 айлын орон сууцны төслийн хоёрдугаар шатны санхүүжилтийн бэлтгэл, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.