БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН 30 ОРОЛЦОГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА.
Нийслэлээс 2026 онд хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд гарааны болон уул уурхайн бус жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хамтарсан хөтөлбөрийн бүртгэл амжилттай явагдаж, ажлын хэсгээс 30 бизнес эрхлэгчийг сонгон шалгарууллаа.
Тус хөтөлбөрийг Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК, Нийслэлийн Бизнес, инновацын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ хамтран хэрэгжүүлж байна.
Сонгон шалгарсан 30 бизнес эрхлэгчийг сургалт, зөвлөх үйлчилгээнд хамруулж, бизнесийн загвар, санхүүгийн төлөвлөлт, зах зээлийн боломж, хөрөнгө оруулалт татах бэлтгэлийг сайжруулах чиглэлээр ажиллана.
Хөтөлбөрийн дараагийн шатанд оролцогчдоос 10 хүртэлх компанийг шалгаруулж, нэг аж ахуйн нэгжид 300 хүртэл сая төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлнэ.
Энэхүү хамтарсан хөтөлбөр нь гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, цаашид хөрөнгө оруулалт татах чадамж бүхий компани болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх, Нийслэлийн эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.