ГЭР ХОРООЛЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

ГЭР ХОРООЛЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.


🇮🇪🇲🇳 Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, ТУЗ-ийн гишүүн Б.Баярмаа, Үйл ажиллагаа, комплайнсын газрын дарга Л.Цолмонтуяа нар Ирланд Улсын Тогтвортой эрчим хүчний газар /SEAI – Sustainable Energy Authority of Ireland/-ын төлөөлөлтэй албан уулзалт хийлээ.
➡️Уулзалтаар гэр хорооллын бүсийн эрчим хүчний хэрэглээ, дулааны алдагдлыг бууруулах, айл өрхийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.
🇮🇪SEAI нь Ирланд Улсад айл өрх, бизнес, орон нутгийн хамт олон болон Засгийн газартай хамтран нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр ажилладаг үндэсний байгууллага юм. Тус байгууллага нь айл өрхийн дулаалга, нарны хавтан, дулааны насос суурилуулалт, барилгын эрчим хүчний үнэлгээ /BER/, бизнесийн эрчим хүчний дэмжлэг, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд санхүүжилт, тэтгэлэг олгодог туршлагатай.
🇲🇳Монгол Улсын хувьд  "SEAI"-ийн хэрэгжүүлж буй айл өрхийн эрчим хүчний шинэчлэл, барилгын эрчим хүчний үнэлгээ, иргэдэд чиглэсэн тэтгэлэг, урамшууллын туршлага нь гэр хорооллын шинэчлэл, ногоон санхүүжилт, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бодлоготой уялдах боломжтой юм.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК" ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд "SEAI"-тай хийсэн уулзалт нь уг ажлыг Олон Улсын туршлага, дэмжлэгийн загвар, санхүүжилтийн боломжтой уялдуулах чухал алхам боллоо.