НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
Зөвлөгөөнөөр Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинээр хэрэгжих 439 төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт тендер шалгаруулалтын явц 96 хувьтай үргэлжилж байна.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих боломжтой төслүүдийг Засгийн газарт танилцуулах, үлдсэн мега төслүүдийн зардлыг төсвийн тодотголоор цэгцлэх асуудлыг анхаарахыг үүрэг болгосон байна.
Үргэлжлүүлэн дүүргүүдийн ногоон байгууламж, орчны тохижилт, сургууль, цэцэрлэгийн засвар, авто болон явган замын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг шуурхайлах, бүтээн байгуулалтын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавихыг холбогдох байгууллагуудад даалгалаа.