НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
Зөвлөгөөнөөр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын зохион байгуулалтын бэлтгэл, Нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.
Тавдугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 20 үүрэг даалгаврын биелэлт 77.5 хувьтай байгааг танилцуулсан байна.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээ, засвар арчлалт, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний угсралт, насос станцын хэвийн ажиллагаа, мониторингийн цооногийн ашиглалт, судалгаа шинжилгээний ажлуудыг хэрэгжүүлж байна.
Мөн 2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсрахаар төлөвлөснөөс зургаан байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км шугамын ажил дуусаж, нэн шаардлагатай гурван байршилд нэг км шугам угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна.
![]()
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжих, нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэн танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.