"MOODY’S RATINGS” САЛБАРЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Ахлах хянан шалгагч Б.Аззаяа, Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Бизнесийн шинжээч Ч.Анужин нар “Moody’s Ratings” -ээс зохион байгуулсан уулзалтад оролцлоо.
Тус уулзалт 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийн төлөв, бодлогын хариу арга хэмжээ, банкны салбарын нөхцөл байдал, зээлийн орчны өөрчлөлт, санхүүжилт болон хөрвөх чадварын эрсдэлийн талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр “Moody’s Ratings”-ийн шинжээчид Монгол Улсын эдийн засагт нөлөөлж буй гадаад орчны тодорхойгүй байдал, түүхий эдийн зах зээлийн хэлбэлзэл, төсөв болон өрийн удирдлагын шинэчлэл, банкны салбарын активын чанар, ашигт ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар байр сууриа танилцууллаа.
Мөн Монголын арилжааны банкуудын зээлийн бодлого, өрхийн зээлийн багцын чанар, байгууллагын зээлжилтийн стратеги, дижитал шилжилтийн нөлөө зэрэг сэдвээр Голомт банк, ХасБанк болон “Moody’s Ratings”-ийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлэв.
![]()
Тус арга хэмжээ нь санхүү, банк, хөрөнгө оруулалтын салбарын төлөөллүүдийн ажил хэргийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх чухал талбар боллоо.
"Moody’s Ratings" нь улс орон, банк, компани болон үнэт цаасны зээлжих чадвар, санхүүгийн эрсдэлийг үнэлдэг Олон Улсын зэрэглэл тогтоогч байгууллага бөгөөд хөрөнгө оруулагчид санхүүжилтийн эрсдэлийг тооцоход чухал эх сурвалж болдог.