ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ.

 

🇲🇳 Эрчим хүчний яам, Монголын банкны холбоо болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, эрчим хүчний салбарын ногоон санхүүжилт, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

✅ Засгийн газраас эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон санхүүжилтийг бодлогоор дэмжиж буй энэ үед уг хамтын ажиллагаа нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

➡️ Талууд эрчим хүчний хэмнэлт бүхий дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдэд урт хугацаатай, хямд эх үүсвэртэй ногоон бонд болон тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр татан төвлөрүүлэх ажлыг өргөжүүлэхээр зорьж байна.

🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК " ХХК нь сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт, эрчим хүчний хэмнэлттэй дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалтын боломжтой холбох чиглэлээр ажиллаж байна.

➡️ Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй хамтран гэр хорооллын өрхүүдийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбох төсөл, мөн өөрийн нэгж эрх эзэмшдэг "Эко хороолол, орлогод нийцсэн орон сууцны сан"-аар дамжуулан 4,200 айл өрхийг эрчим хүчний үр ашигтай, байгаль орчинд ээлтэй орон сууцны шийдэлд хамруулах чиглэлээр ажиллаж байна.

✅ Цаашид ногоон бонд, тогтвортой санхүүжилт, Олон Улсын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татах боломж нэмэгдэх нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм.