"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт "Монголын төмөр зам" ТӨХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Уулзалтад "Монголын төмөр зам" ТӨХК-ийн талаас Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Б.Батхишиг, Төсөл, хөтөлбөр, судалгаа зураг төслийн төвийн ахлах А.Балдандорж, Ахлах эдийн засагч Э.Очиржамц нар оролцож, байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, санхүүжилтийн хэрэгцээ болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулга хийв.
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн зүгээс төмөр замын дэд бүтцийн стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилт, өмнө гаргасан бондын дахин санхүүжилтийн боломж, мөн салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг дэмжих ажилтны орон сууцны төслийн талаар танилцууллаа.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн зүгээс дээрх төсөл, хөтөлбөрүүдтэй газар дээр нь танилцах, санхүүжилтийн боломжит хувилбаруудыг судлах, хөрөнгө оруулалт татах бэлтгэл ажил болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.
Талууд дараагийн уулзалтыг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн оффист зохион байгуулж, хамтын ажиллагааны хүрээ, төслийн мэдээлэл, санхүүжилтийн бүтэц болон дараагийн шатны ажлын чиглэлийг нарийвчлан хэлэлцэхээр тохиролцлоо.