БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт БНХАУ-ын "Anhui Hualais Food Group" компанийн төлөөлөл болон хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, Монгол Улсад хэрэгжих боломжтой хөрөнгө оруулалтын чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
"Anhui Hualais Food Group" нь хүнсний үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын томоохон групп компани бөгөөд тус уулзалтаар хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүч, хөгжлийн төслүүд, дэд бүтэц болон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжуудыг сонирхож байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хот байгуулалт, дэд бүтцийн хэрэгцээ, эрчим хүчний шилжилттэй уялдсан төслүүдийг хөрөнгө оруулалтын өгөөж, санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ болон хэрэгжилтийн нөхцөлтэй уялдуулан хэлэлцлээ.
Талууд цаашид боломжит төслүүдийг нарийвчлан судалж, хөрөнгө оруулалтын нөхцөл, хамтын ажиллагааны хэлбэр болон хэрэгжилтийн дарааллыг тодорхойлох чиглэлээр ажил хэрэгч түвшинд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв.
Дараагийн шатны уулзалтыг 7 дугаар сард зохион байгуулж, хөрөнгө оруулалтын боломжит төслүүдийг илүү нарийвчлан хэлэлцэхээр тохиролцлоо.