МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд банк, санхүү болон хөрөнгийн зах зээлийн салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн хөгжил, цаашдын зорилт, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч уулзалтын үеэр санхүүгийн зах зээл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур болохыг онцолж, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, гадаад валютын нөөц болон улсын зээлжих зэрэглэл сайжирсан талаар дурдаж салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улс санхүүгийн хүртээмжээр дэлхийд 9 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй нь салбарын хөгжил, хүртээмжийг харуулж буй чухал үзүүлэлт гэдгийг онцоллоо.
Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, бизнес эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ боломжит сувгуудыг бий болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлээр дамжуулан 260 гаруй аж ахуйн нэгж нийт 7.7 их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн чадавх, боломжийг харуулж байна. Мөн нээлттэй хувьцаат компаниудын тоо нэмэгдэхийн хэрээр компанийн засаглал, ил тод байдал сайжирч, иргэд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байдлаар баялгийн өсөлтөөс хүртэх боломж улам нэмэгдэж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн хоёр хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэг бөгөөд нийслэлийн болон үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг тэлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
Цаашид бид Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудтай хамтран хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох, нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдэд хөрөнгө татах, санхүүгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.