НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСӨВТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар баталлаа.
Төсвийн тодотголыг Олон Улсын геополитикийн нөхцөл байдал, нефть болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг хотын суурь үйлчилгээний зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж байна.
Мөн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээ өөрчлөгдсөнтэй уялдуулан орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөлд нийцүүлэн шинэчилж байгаа юм.
Түүнчлэн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардагдах нэмэлт эх үүсвэрийг төсөвт тусгалаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн сахилга бат, үр ашгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудад дэмжлэг үзүүлэх, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх чиг үүрэг бүхий НИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр татах, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн шийдлийг өргөжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байна.