НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ӨДӨР “ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Монголын ард түмний төрт ёс, шашин соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27,28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдаж, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, Даншиг наадам нь үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын аялал жуулчлалын үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг онцлов.
Энэ жилийн наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, язгуур урлагийн тоглолт, нийслэлийн түүхийг таниулах үзэсгэлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг иргэд, жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Мөн Гандантэгчэнлин хийдээс түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах ёслол, унзад, голч лам нарын тэмцээн болон лам нарын номын мэтгэлцээний тэмцээн зэрэг шашин, соёлын зан үйлийг толилууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөртэй хамтатган тэмдэглэж буй “Хүрээ цам-Даншиг наадам” нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын түүх, өв соёлыг олон нийтэд сурталчлах ач холбогдолтой арга хэмжээ болж байна.