НИЙСЛЭЛ 2024 ОНД БОСГОСОН ДОТООД БОНДЫН 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХУГАЦААНД НЬ БҮРЭН ТӨЛЖ ДУУСГАЛАА.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 онд авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийг санхүүжүүлэх зорилгоор босгосон 100 тэрбум төгрөгийн дотоод бондын үндсэн төлбөрийг хөрөнгө оруулагчдад хугацаанд нь бүрэн эргэн төлж, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг бодитоор хэрэгжүүллээ.
Тус бондын эх үүсвэрээр нийслэлийн хэмжээнд нийт 62 байршилд 154.5 км авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлсэн бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дарь-Эх, Хайлааст, Улаанхуаран, Дамбадаржаа–Шадивлан чиглэлийн авто зам болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн гол болон туслах авто замуудыг шинэчилсэн байна.
Мөн Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 21 төсөл, арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж дууссан бол он дамжин хэрэгжиж буй 27 төсөл, арга хэмжээ 5-85 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт ажлын дундаж гүйцэтгэл 74 хувьтай хэрэгжиж байна.
Нийслэлийн төсөв болон үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд гол болон туслах гудамж, замын нийт 877.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, 37 байршилд 30.8 км шинэ авто зам, 53 байршилд 74.9 км авто замын засвар, шинэчлэл, таван байршилд явган замын шинэчлэлт, 117,594.3 ам метр авто замын нөхөөс, 1,333.3 урт метр авто замын заадас, 193.55 урт метр борооны ус зайлуулах шугамын ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалтыг өөрийн итгэмжлэн удирддаг сангаар дамжуулан хэрэгжүүлж, санхүүжилтийн үр ашиг, хөрөнгө оруулагчдын итгэлцэл, төслийн хэрэгжилтийн уялдааг ханган ажиллалаа.