"CATL" КОМПАНИ МОНГОЛ УЛСАД БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
Цахилгаан автомашины цэнэг хураагуурын томоохон үйлдвэрлэгч Contemporary Amperex Technology /CATL/ компани Монгол Улсад батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр болсныг Засгийн газраас мэдээллээ.
БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “CATL” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзаж, эрчим хүчний шилжилт, батарей хуримтлуурын дэд бүтэц, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Энэ хүрээнд эхний ээлжид Төв аймгийн Сэргэлэн суманд CATL компанийн хөрөнгө оруулалтаар 100–400 МВт.цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Цаашид батарейн түүхий эд боловсруулах, эд анги угсрах, хаягдлыг дахин боловсруулах, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэхээр байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтын менежмент, санхүүжилтийн бүтэц боловсруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байна. Батарей хуримтлуурын төсөл нь Монгол Улсын эрчим хүчний тогтвортой байдал, сэргээгдэх эх үүсвэрийн хэрэглээ, ногоон хөрөнгө оруулалтын орчинд чухал ач холбогдолтой юм.