СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНД СУУРИЛСАН ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН АЖИЛЛАНА.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-д ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, судалгаа, шинжилгээний ажлын явц, үр дүнтэй танилцлаа.
Уулзалтын үеэр тус төвийн удирдлагууд Улаанбаатар хотын хөгжлийн урт хугацааны бодлого, УБХЕТ-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын орон зайн төлөвлөлт, дэд төв бүхий нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын шинэчлэл, суурьшлын бүсийн төлөвлөлт болон орон зайн өгөгдөлд суурилсан судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар танилцуулга хийв.
Хотын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон жилийн нарийвчилсан судалгаа, эрдэмтэн судлаач, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засаг, орон зайн өгөгдөлд суурилсан мэдээлэл чухал ач холбогдолтой. Иймд судалгаа, шинжилгээний үр дүнг хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн бэлтгэл ажилтай уялдуулах нь төслийн бодит хэрэгцээ, хэрэгжих боломж, үр өгөөжийг тодорхойлох үндсэн нөхцөл юм.
Энэ хүрээнд Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн судалгааны үндэслэл, хөрөнгө оруулалтын боломж, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн нөхцөлийг уялдуулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл авч ажиллаж байна.