НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан болж,“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал нар оролцлоо.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, хот тохижилт, авто зам засвар болон хөрөнгө оруулалтын ажлуудын явцын талаар хэлэлцлээ.
Хуралдааны үеэр “Хүрээ цам–Даншиг наадам” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн талаар танилцуулсан бөгөөд тус арга хэмжээнд 1200 ажилтан ажиллаж, 22,000–25,000 орчим иргэн, жуулчин оролцсон байна.
Мөн есөн дүүргийн удирдлагууд хот тохижилт, авто зам засвар, хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтийн явцыг танилцуулж, Хотын ерөнхий менежер Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 204, Хүй долоон худагт 347 худалдаа, үйлчилгээний цэгийг батлагдсан журам, шаардлагын дагуу байршуулж, иргэдэд аюулгүй, чанартай хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Түүнчлэн наадмын талбай орчимд 22,000 автомашины зогсоол гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдэд зориулсан бүсийг тусгайлан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн зүгээс баярын өдрүүдэд Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн үнэ төлбөргүй маршрут гаргаж, өглөө 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэхээр бэлтгэл хангаж байна.
Мөн COP17 арга хэмжээнд Дэлхийн 192 улс орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нийслэлийн бэлтгэл, зохион байгуулалтыг нэгдсэн уялдаатай хангаж ажиллахыг онцоллоо.
Хуралдааны үеэр баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулж, зөвшөөрлийг зөвхөн хууль, журамд заасан шаардлагын дагуу олгохыг санууллаа.