БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шархад дэд төвд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарлаа.
Тус барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хурал 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болж, холбогдох үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Нутгийн буян групп” ХХК, хотхон доторх авто зам, гадна тохижилтын ажлыг “Эрчимт цамхаг” ХХК, инженерийн системийн автоматжуулалтын ажлыг “Дижитал Повэр” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд ашиглагч байгууллагаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК ажиллана.
Төслийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттайгаар барихаар төлөвлөсөн. Эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилга баригдаж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-аар дамжуулан төслийн хоёрдугаар үе шат болох 4200 айлын орон сууцны санхүүжилтийн бэлтгэл, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.