ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК болон “Global Shan Group” компани хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээний хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалан, эмийн ургамал тариалалт, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран хөрөнгө оруулах боломжийг судалж, хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэхээр болов.
“Global Shan Group” групп нь Олон Улсын хөрөнгө оруулалт, төсөл хөгжүүлэлт, бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хайнань дахь чөлөөт бүсэд байрлах хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулан Олон Улсын зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм.
Талууд хот орчмын болон бүс нутгийн газар тариалан, агро үйлдвэрлэл, эмийн ургамал тариалалт, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, дэд бүтцийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн судалгаа, санхүүжилтийн бүтэц, хэрэгжих боломж болон хууль эрх зүйн нийцлийг нарийвчлан тодорхойлохоор ажиллана.
Гэрээний хүрээнд хамтран судлах төслүүдийн жагсаалт, танилцуулгыг бэлтгэх, хөрөнгө оруулалтын чиглэл тус бүрээр урьдчилсан судалгаа хийх, хөрөнгө оруулалтын сангийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл, санхүүжилтийн боломжийг үе шаттайгаар боловсруулах юм.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг хөгжүүлэх, Олон Улсын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.

