НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНК, ОУСК-ТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хотын санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.
Нийслэлийн мега төслүүдийн санхүүжилтийн 93 хувийг төсвийн хөрөнгө оруулалт, 7 хувийг төсвийн бус эх үүсвэр бүрдүүлж байгаа тул цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Дэлхийн банк группийн зүгээс Нийслэлтэй бондын санхүүжилт, үерийн хамгаалалт, уур амьсгал, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг судлахаа илэрхийлэв.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил болон Олон Улсын хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.