НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОЛЛОО.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Чингэлтэй дүүрэгт болж, зөвлөгөөнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
Зөвлөгөөнөөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалт, хичээлийн шинэ жилийн болон өвөлжилтийн бэлтгэл, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.
UNCCD COP17 Улаанбаатар хотод өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Хурлын аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээврийн тусгай маршрут зэрэг бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд хурлын талбайг НҮБ-д бүрэн хүлээлгэн өгсөн байна. Иргэд, олон нийтэд хурлын мэдээллийг нээлттэй хүргэх, Ногоон бүсийн тээвэр зохион байгуулалтыг хүндрэлгүй явуулах чиглэл өглөө.
Мөн сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгаж, хичээлийн шинэ жилийн бэлэн байдлыг хангах, сургууль, цэцэрлэг орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болгов.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2026–2027 оны халаалтын улиралд зориулан 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах тендер шалгарч, 120 мянган тонн шахмал түлшний үйлдвэрлэл наймдугаар сарын 15-наас эхэлжээ. Дулааны шугам сүлжээний 573 төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 65 хувьтай байна.
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарын SMS суваг болон mayor@ulaanbaatar.mn цахим хаяг ажиллаж эхэлсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтэд ажлын тав хоногт багтаан хариу өгөхийг нийслэлийн бүх шатны байгууллагад үүрэг болголоо.
Наймдугаар сарын 3-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт 81.5 хувьтай байна.