НИЙСЛЭЛИЙН НОГООН САН БА НОГООН ШИЛЖИЛТИЙН САНХҮҮЖИЛТ
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн итгэмжлэн удирддаг Нийслэлийн Ногоон сан нь Улаанбаатар хотын ногоон шилжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг урт хугацаанд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
![]()
Тус сан нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон орон сууц, усны нөөцийн менежмент, ногоон дэд бүтэц, газрын нөхөн сэргээлт зэрэг чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүгийн эх үүсвэрийг төрөлжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "UNCCD COP17"-ын хүрээнд газрын доройтлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдгээр зорилтыг бодит төсөл болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Ногоон сан нь Олон Улсын хөгжлийн байгууллагын эх үүсвэр, хувийн хэвшлийн хөрөнгө болон хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдийг Нийслэлийн тэргүүлэх ногоон төслүүдтэй уялдуулах боломжтой.
Ингэснээр ногоон төслүүдийн төсвийн санхүүжилтээс хамаарах хамаарлыг бууруулах, урт хугацааны хөрөнгө оруулалт татах, төслийн хэрэгжилтийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн Ногоон санг итгэмжлэн удирдах хүрээнд ногоон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоод, Олон Улсын хөрөнгө оруулалт татах, ногоон санхүүгийн хэрэгслийг ашиглах боломжийг судлан ажиллаж байна.