ХОТЫН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ НЭЭГДЛЭЭ.

UNCCD COP17 хурал Улаанбаатар хотноо үргэлжилж буй энэ өдрүүдэд байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг дэмжих шинэ дэд бүтэц ашиглалтад орлоо.
“Моннис групп” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд 10 цахилгаан автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай ногоон өртөө байгуулж, ашиглалтад оруулсан байна.
Тус өртөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцов.
Хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгарч байгааг онцолж, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, ногоон цэнэглэх өртөөний тоог нэмэгдүүлэх, цаашид цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх чиглэлээр ажиллахаа мэдээллээ.
Хотын ногоон шилжилтийг бодитоор хэрэгжүүлэхэд технологийн шинэчлэлээс гадна урт хугацааны санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүгийн систем чухал үүрэгтэй.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь байгаль орчин, нийгэм, засаглалын ESG зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Нийслэлийн ногоон шилжилтийг дэмжих, байгаль орчинд ээлтэй төсөл, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.