БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ НАМРЫН ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажлыг “Алтан намар – мод тарих улирал” уриан дор зохион байгуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд мод тарих, ургуулах, арчлах чиглэлээр суурь нөхцөлийг бүрдүүлж, улсын хэмжээнд нийт 140 сая гаруй мод, Нийслэлд 4.8 сая мод тарьж, ургуулжээ.
Нийслэлийн хэмжээнд 2026 оны хаврын мод тарих ажлын үр дүнг үргэлжлүүлэн, намрын мод тарих ажлыг зохион байгуулахын зэрэгцээ тарьсан модны усалгаа, арчилгаа, нөхөн тарилт, ургалтын хяналтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Энэ хүрээнд байгууллагууд батлагдсан байршил, төлөвлөгөөний дагуу мод тарих ажлыг зохион байгуулж, тарьсан модны төрөл, тоо, байршил болон ургалтын мэдээллийг бүртгэлжүүлэх, өмнөх тарилтын үр дүнд үнэлгээ хийж, шаардлагатай нөхөн тарилтыг хийх чиглэлээр ажиллана.
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь зөвхөн мод тарих нэг удаагийн ажил бус, тарьсан модны ургалтыг тогтвортой хангаж, арчилгаа, хамгаалалтыг үргэлжлүүлэх цогц үйл ажиллагаа юм. Энэ нь хотын орчны чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тарьсан мод бүрийг арчилж, ургуулж, үр дүнг нь хадгалах нь тогтвортой ногоон хотын хөгжлийн үндэс юм.