УЛААНБААТАР ХОТОД ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ 30 “НОГООН ӨРТӨӨ” АШИГЛАЛТАД ОРЛОО.
Улаанбаатар хот цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг үе шаттай өргөжүүлж, өнөөдрийн байдлаар 13 байршилд 30 “Ногоон өртөө” ажиллаж эхэллээ. Цаашид 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц байгуулахаар төлөвлөж байна.
"UNCCD COP17"-ийн хүрээнд “Ногоон өртөө”-г танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хотын агаарын бохирдлын 32.8 хувь нь автомашинаас ялгарч байгааг онцолж, нийтийн болон хувийн тээврийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг мэдээлэв.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 2,000 орчим цахилгаан автомашин байгаа бөгөөд 2030 он гэхэд 50 мянгад хүргэх зорилт тавьжээ. Ингэснээр ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах тооцоотой. Мөн энэ онд нийтийн тээвэрт 60 цахилгаан автобус нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
“Ногоон өртөө”-нд цахилгаан автомашиныг 5–30 минутын хугацаанд цэнэглэх боломжтой бөгөөд цахилгаан автобус цэнэглэх хүчин чадалтай. Сүлжээг цаашид 21 аймгийн хэмжээнд өргөжүүлэхээр төлөвлөжээ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК хотын ногоон шилжилтийн төслүүдийг хөрөнгө оруулалт татах боломжтой түвшинд хөгжүүлэх, санхүүжилтийн бүтэцтэй уялдуулах чиглэлд ажиллаж байна. Цахилгаан тээврийн дэд бүтцийн өргөжилт нь ногоон хөрөнгө оруулалтын шинэ чиглэл болох боломжтой юм.
