МОНГОЛ УЛС ДАТА ТӨВИЙН ЭДИЙН ЗАСАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЧИГЛЭЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА.
Монгол Улс Ази дахь дата төвийн шинэ зангилаа болох “Sovereign by Design” зорилтоо танилцуулж, эрчим хүчний нөөцийг хиймэл оюун ухаан, өндөр хүчин чадлын тооцоолол, дижитал дэд бүтэцтэй уялдуулах чиглэл баримталж байна.
Сэргээгдэх эрчим хүчний боломжит нөөцийг 2.6 тераватт гэж тооцдог бөгөөд дата төвд зориулсан хосолсон эх үүсвэрийн эрчим хүчний өртгийг 3–5 цент/кВт.цаг түвшинд хүргэх боломжтой гэж үзжээ. Мөн хүйтэн уур амьсгал нь хөргөлтийн зардлыг 40 хүртэл хувиар бууруулах давуу талтай.
Энэ хүрээнд МУЗГ, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапур болон Олон Улсын байгууллагуудтай 10 санамж бичиг байгуулж, нийт 863 МВт орчим хүчин чадалтай төслүүдийн багц бүрдүүлсэн байна. Засгийн газар эхний шатанд 2 тэрбум ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ.
Цаашид эрх зүйн орчныг бүрдүүлэх, тусгай эрчим хүчний эх үүсвэрийг 24 сарын дотор бий болгох, санамж бичгүүдийг бодит санхүүжилт, бүтээн байгуулалтын гэрээнд шилжүүлэх нь гол асуудал болж байна.
![]()
" Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК"-ийн хувьд дэд бүтэц, ногоон эрчим хүч, дижитал эдийн засгийн төслүүдийг хөрөнгө оруулалтын шаардлагад нийцүүлэн бэлтгэж, хувийн хөрөнгө оруулалт болон зах зээлийн санхүүжилт татах чиглэл нь Нийслэлийн хөгжлийн төслүүдийг бодит хөрөнгө оруулалттай холбох чухал хэсэг юм.