ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

📊 Монголын хөрөнгийн биржээр 2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр Засгийн газрын 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай болон 2 жилийн хугацаатай купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа зохион байгуулагдлаа.

➡️ Тус бүр 5 тэрбум төгрөг, нийт 10 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд нэгж үнэт цаасны нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг байна. 52 долоо хоногийн үнэт цаас 2027 оны есдүгээр сарын 1-нд, хоёр жилийн хугацаатай үнэт цаас 2028 оны есдүгээр сарын 2-нд тус тус хугацаа дуусна.

📈 Засгийн газрын дотоод үнэт цаасны тогтмол арилжаа нь төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээс гадна хөрөнгийн зах зээлд эрсдэлгүй өгөөжийн суурь түвшин, хугацааны бүтэцтэй өгөөжийн муруй бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ суурь үзүүлэлт нь цаашлаад компанийн болон орон нутгийн бонд, бусад өрийн хэрэгслийн хүү, өгөөжийг зах зээлийн нөхцөлтэй харьцуулан үнэлэх үндэс болдог.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, сангуудын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлахдаа дотоодын үнэт цаасны зах зээлийн хүү, өгөөж, хөрөнгө оруулагчдын эрэлт болон санхүүжилтийн өртгийн өөрчлөлтийг чухал суурь үзүүлэлт болгон авч үздэг.

🇲🇳Засгийн газрын үнэт цаасны хугацааны сонголт нэмэгдэж, арилжаа тогтмолжих нь Нийслэлийн бонд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурлан төлөвлөх орчныг өргөжүүлнэ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж