АЛТНЫ ҮНЭ БУУРЧ, ДЭЛХИЙН БОНДЫН ӨГӨӨЖ 2008 ОНООС ХОЙШИХ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ.
Дэлхийн санхүүгийн зах зээлд хүүгийн төлөв чангарч, ам.долларын ханш өссөнөөр үнэт металлын зах зээлд борлуулалтын дарамт нэмэгдэв. Өмнөх гурван арилжаагаар алтны үнэ бараг 6 хувиар буурч, сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшинд хүрсэн бол спот үнэ 4,329 ам.доллар орчимд тогтворжоод байна.
Мягмар гарагт дэлхийн бондуудын өгөөж 2008 оноос хойших дээд түвшинд хүрэв. АНУ-ын Холбооны Нөөцийн банк есдүгээр сард бодлогын хүүгээ өсгөх магадлал зах зээлд 70 орчим хувьд үнэлэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын багцад бонд, ам.долларын жинг нэмэгдүүлж, хүүгийн өгөөжгүй алтны богино хугацааны эрэлтийг сулруулж байна.
Нөгөө талд АНУ, Ираны харилцан халдлага дахин сэдэрснээр газрын тосны үнэ өсөж, геополитикийн эрсдэлийн нэмэгдэл зах зээлд хэвээр үлдлээ. Ийм орчинд алтны ханшид өндөр хүү, чангарсан ам.доллар доош чиглэсэн дарамт, геополитикийн эрсдэл эсрэг чиглэлийн дэмжлэг болж байна.
Дэлхийн хоёр дахь том алт худалдан авагч Энэтхэгийн алтны импорт төсвийн жилийн эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 32 хувиар өссөн байна. Импортын өсөлт худалдааны тэнцэл болон рупигийн ханшид дарамт нэмэгдүүлж байгаа тул тус улсын Засгийн газар алтны хэрэглээг хязгаарлах чиглэлд анхаарч эхэлжээ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК олон улсын хөрөнгийн зах зээлийн хүү, валют, түүхий эдийн хөдөлгөөнийг нийслэлийн хөрөнгө оруулалтын орчин, санхүүжилтийн өртөг болон хөрөнгө татах нөхцөлтэй уялдуулан шинжилж байна. Дэлхийн бондын өгөөж өсөж буй өнөөгийн орчин нь гадаад санхүүжилтийн өртөг, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ болон урт хугацаат төслүүдийн санхүүжилтийн бүтцэд шууд нөлөөлөх хүчин зүйл болж байна.