ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА.
Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Тус хууль нь хувийн өмчийн эрх, гэрээний эрх чөлөө, хөрөнгө оруулалтын үр шимийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх эрх зүйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Санхүүгийн зах зээлийн хувьд онцлох өөрчлөлтүүд тусгагдлаа. Тухайлбал, санхүүгийн байгууллагуудын гадаад, дотоод эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 20 хувиас 5 хувь болгон бууруулснаар санхүүжилтийн өртөг буурах, улмаар зээлийн хүүгийн дарамтыг багасгах боломж бүрдэж байна.
Мөн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах бонд, хувьцаа, нэгж эрх зэрэг санхүүгийн хэрэгслийн татварын орчныг илүү тогтвортой, урт хугацаанд дэмжих зохицуулалтууд туссан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.
Хөрөнгийн зах зээлийн татварын таатай орчин урт хугацаанд хадгалагдсанаар аж ахуйн нэгжүүд банкны зээлээс гадна бонд, хувьцаа болон бусад үнэт цаасаар дамжуулан санхүүжилт татах боломж нэмэгдэх юм.
Энэхүү эрх зүйн шинэчлэл нь нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлд суурилсан урт хугацааны санхүүжилтийн боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээлийн боломж, урт хугацааны санхүүжилтийн шийдэлтэй уялдуулах чиглэлээр ажиллаж байна.