СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл Соден компанийн гүйцэтгэх захирал Такеши Фучиваки, зөвлөх нартай уулзаж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол, эрчим хүч хуримтлуурын систем, нарны цахилгаан станц, цахилгаан автомашин цэнэглэх шийдэл болон эрчим хүчний менежментийн чиглэлээр хэрэгжүүлж болох хамтын ажиллагааг хэлэлцэв.
Япон Улсын "Soden" компани нь ухаалаг удирдлагын системд суурилсан виртуал цахилгаан станц, батарей хуримтлуур, нарны цахилгаан станц, цахилгаан автомашины цэнэглэгч болон эрчим хүчний менежментийн шийдлүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Төслийн хэрэгцээ, техникийн шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг нарийвчлан судалж, хамтын ажиллагааны дараагийн алхмыг тодорхойлохоор талууд санал нэгдлээ.



