КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Компанийн засаглал гэдэг нь байгууллагын шийдвэрийг хэн, ямар эрх хэмжээтэй гаргах, түүнд хэрхэн хяналт тавих, үр дүнгийн хариуцлагыг хэрхэн тооцох тогтолцоо юм.
Сайн засаглал нь зөвхөн дүрэм, журамтай байх тухай ойлголт биш. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хяналтын чиг үүргийн зааг тодорхой байх, шийдвэр гаргалт мэдээлэлд суурилсан, ил тод, хараат бус, хариуцлагатай байх зарчмыг хамардаг.
Ялангуяа хөрөнгө оруулалт, сангийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд засаглал нь:
хөрөнгө оруулалтын шийдвэрийг үндэслэлтэй, хариуцлагатай гаргах;
эрсдэлийг тодорхойлох, удирдах;
хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлийг хянах, тайлагнах;
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг хамгаалах үндсэн нөхцөл болдог.
Сайн засаглал нь хөрөнгө оруулалтын байгууллагын үнэлгээний чухал үзүүлэлт юм.
![]()
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт–2025” үнэлгээгээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК 94.4 хувийн үнэлгээ авч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын ангилалд 2 дугаар байрт эрэмбэлэгдсэн.
Энэхүү үнэлгээ нь засаглал, ил тод байдал, хариуцлага, хяналт болон эрсдэлийн удирдлагыг хөрөнгө оруулалт, сангийн итгэмжлэн удирдлагын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж байгааг илэрхийлэх нэг үзүүлэлт юм.
Иймээс компанийн засаглал нь байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал төдий бус, хөрөнгө оруулагчдын итгэл, санхүүжилт татах чадвар, хөрөнгийн хариуцлагатай удирдлага, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны суурь болдог.