УЛААНБААТАР ХОТ НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ТӨСЛҮҮДЭЭ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй тээвэр болон орон сууцны шийдлийг өргөжүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжиж байна.
Ногоон нуур орчимд 5.5 га талбайд шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бол Жуковын хөшөөний хойд хэсэгт барилгын зориулалтаар олгосон 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөжээ.
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 32 “Ногоон өртөө” ажиллаж байгаа бөгөөд 2026 онд тоог 80-д хүргэхээр ажиллаж байна. Ингэснээр цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, хотын тээврийн ялгарлыг бууруулах дэд бүтцийг үе шаттай нэмэгдүүлнэ.
Мөн Шархад, Баянхошуунд эрчим хүч, дулааны хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж, эхний 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажил хэрэгжиж байгаа бөгөөд цаашид уурын зуух, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг үе шаттайгаар цэвэр эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.
Хотын ногоон хөгжил нь зөвхөн ногоон байгууламж нэмэгдүүлэхээс гадна орон сууц, эрчим хүч, тээвэр, халаалт, нийтийн орчныг нэг бодлогоор уялдуулах шаардлагатай. Энэ хүрээнд шинээр хэрэгжих хот байгуулалтын төслүүдэд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах орчин зэрэг иргэдийн амьдрах орчны чанарыг төлөвлөлтийн салшгүй хэсэг болгох чиглэл баримталж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн ногоон хөгжлийн зорилтуудтай уялдсан төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, төсвийн бус эх үүсвэрийг татах чиглэлээр ажиллаж байна.