“СТАРТАП ТАУН”-ААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙГ БНСУ-ЫН ЭКОСИСТЕМТЭЙ ХОЛБOНО.

“СТАРТАП ТАУН”-ААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙГ БНСУ-ЫН ЭКОСИСТЕМТЭЙ ХОЛБOНО.

 

🇲🇳🇰🇷Улаанбаатар хотын төлөөлөгчид БНСУ-ын Стартап, бизнес эрхлэлтийг дэмжих хүрээлэн /KISED/-гийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улс дахь “Стартап Таун” төвийн хэрэгжилт, гарааны бизнесийг бойжуулах хөтөлбөр, хөрөнгө оруулалтын орчин болон БНСУ–Монголын стартапын экосистемийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

➡️Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох төлөөлөгчид оролцов.

✅Уулзалтын хүрээнд “Стартап Таун” төвийг зөвхөн ажлын орон зай бус, гарааны бизнесийг илрүүлэх, бойжуулах, менторинг болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулагчидтай холбох, Олон Улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх цогц төв болгон хөгжүүлэх чиглэлийг хэлэлцэв.

✔️Төвийг Улаанбаатар хотод нийт 1,040 м² талбайд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтын оффис, сургалт, зөвлөх үйлчилгээ, стартапын оффис, арга хэмжээний танхим, “Korea Lounge”, мэйкер спейс зэрэг зориулалтын орон зайг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

✅Мөн Монгол Улс дахь гарааны бизнесүүдийг сонгон шалгаруулж, мэргэшсэн сургалт, компани тус бүрийн хэрэгцээнд нийцсэн менторинг, бизнесийн загварын хөгжүүлэлт, хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах “IR pitching” хөтөлбөрт хамруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байна. Тус хөтөлбөрийг 2026 оны аравдугаар сарын 13–15-ны өдрүүдэд хэрэгжүүлэхээр тусгажээ.

➡️Цаашид Монгол Улс дахь стартапуудыг “KISED”-ийн Олон Улсын сүлжээ, БНСУ-ын стартапын экосистем, хөрөнгө оруулагч болон түнш байгууллагуудтай холбох тогтвортой сувгийг үе шаттай хөгжүүлэх, хамтарсан хөтөлбөр, туршлага солилцоо болон зах зээлийн холболтыг өргөжүүлэхээр ажиллана.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн гарааны бизнес, инновацын экосистемийг хөгжүүлэх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, Олон Улсын түншлэлээр дамжуулан стартапуудын өсөлт, зах зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр холбогдох төсөл, хөтөлбөрийн уялдаанд оролцон ажиллаж байна.