ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗАСАГЛАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Хөрөнгө оруулалтын байгууллагын гол үүрэг нь хөрөнгө байршуулах бус, хязгаарлагдмал эх үүсвэрийг өгөөж, эрсдэл, хугацааны тэнцвэрт үндэслэн зөв төсөл, зөв хөрөнгө оруулалтад хуваарилах явдал юм.
Ийм шийдвэр нь нэг түвшинд төвлөрөх бус, тодорхой бодлого, шалгуур, эрх хэмжээ, хяналтын тогтолцоонд тулгуурлах шаардлагатай. Тиймээс засаглал нь хөрөнгө оруулалтын шийдвэрийн чанар, капиталын хуваарилалт, эрсдэлийн удирдлагатай шууд холбоотой.
Сайн засаглалын тогтолцоо нь:
• төсөл, хөрөнгө оруулалтыг нэгдсэн шалгуураар үнэлэх;
• шийдвэрийг санхүүгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээнд үндэслэх;
• хөрөнгө нэг төсөл, салбарт хэт төвлөрөхөөс сэргийлэх;
• шийдвэр гаргалт болон хяналтын чиг үүргийг зааглах;
• хөрөнгө оруулалтын бодлого, гүйцэтгэлийн уялдааг хянах боломжийг бүрдүүлдэг.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн засаглалын бүтэц нь Төлөөлөн удирдах зөвлөл, ТУЗ-ийн дэргэдэх хороод, гүйцэтгэх удирдлага болон хөрөнгө оруулалт, санхүү, үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэгч нэгжүүдийн уялдаанд тулгуурладаг. Үүний зэрэгцээ аудит, эрсдэлийн удирдлага, комплайнс болон хяналтын тогтолцоо нь шийдвэр гаргалтын хараат бус байдал, хариуцлага, хяналтыг хангахад чиглэдэг.
Ингэснээр хөрөнгө оруулалтын шийдвэрийг үнэлгээ → шийдвэр → хяналт → эрсдэлийн удирдлага → тайлагнал гэсэн уялдаатай тогтолцоогоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт – 2025” үнэлгээгээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын ангилалд 94.4 хувийн үнэлгээ авч, 2 дугаар байрт эрэмбэлэгдсэн.
Хөрөнгө оруулалтын байгууллагын хувьд сайн засаглалын зорилго нь зөвхөн бүтэц, дүрэм бүрдүүлэх бус, хөрөнгө оруулалтын шийдвэрийн чанарыг сайжруулж, хөрөнгийг хариуцлагатай, урт хугацаанд тогтвортой удирдах суурийг бүрдүүлэхэд оршино.