НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД 538 АРГА ХЭМЖЭЭГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо, Засаглал, эрх зүйн хороо, Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хамтарсан хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” болон холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 538 арга хэмжээний хэрэгцээ, үр өгөөж, санхүүжилт, хүлээгдэж буй үр дүнг нягталж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг эрэмбэлэх шаардлагатайг онцлов.
Тухайлбал, эрчим хүч, дулаан хангамж, нийтийн тээвэр, агаарын бохирдол, авто замын түгжрэл, төрийн үйлчилгээний чадавх зэрэг чиглэлд хэрэгжүүлэх ажлуудын санхүүжилт, төслийн бэлэн байдал, үр дүнгийн талаар хэлэлцэв.
Мөн Нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх боломжтой ажлуудаас ялган төлөвлөх, хэрэгцээ, үр өгөөж багатай арга хэмжээг эрэмбэлэн хасаж, хөрөнгө, санхүүжилтийг нэн шаардлагатай төслүүдэд төвлөрүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдлийг боловсруулах хүрээнд төслийн хэрэгцээ, үр өгөөж, санхүүжилтийн боломж болон бэлэн байдлыг уялдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.