БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА.

БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА.

 

🇲🇳Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хуралдаж, макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

📊 2026 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас буурсан бол суурь инфляц 6.8 хувь байна. Хүнсний нийлүүлэлт нэмэгдсэн нь инфляцын бууралтад нөлөөлсөн ч шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс үүдэлтэй дарамт цаашид хадгалагдах эрсдэлтэй байна.

➡️ Бодлогын хүүг одоогийн түвшинд хадгалсан нь инфляцын эрсдэлийг хязгаарлахын зэрэгцээ санхүүжилтийн нөхцөлийг нэмж чангаруулахгүй байх чиглэлийг үргэлжлүүлж байна. Өндөр хүүний орчин хадгалагдаж байгаа нь банкны зээл, бонд болон бусад эх үүсвэрийн өртөг, хөрөнгө оруулалтын шийдвэр, төслийн санхүүгийн тооцоонд үргэлжлэн нөлөөлөхөөр байна.

📈 Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн хэдий ч өсөлт уул уурхай, тээврийн салбарт түлхүү төвлөрч, өрхийн бодит хэрэглээ хоёрдугаар улиралд 4.9 хувиар агшжээ. Харин гадаад валютын албан нөөц 8.36 тэрбум ам.долларт хүрсэн байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд мөнгөний бодлогын төлөв, зах зээлийн хүүний түвшин, инфляцын орчин нь санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийн өртөг болон хөрөнгө оруулалтын шийдвэрт харгалзан үзэх үндсэн үзүүлэлтүүдийн нэг юм.