ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шинээр батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль”-ийг таниулах, хэрэгжилтийн бэлтгэлийг хангах нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн холбогдох албан хаагчдын хамт оролцож, шинэ хуулийн хүрээнд орон нутгийн өмчит байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаа, засаглалд орох өөрчлөлтүүдтэй танилцлаа.
Шинэ зохицуулалтаар орон нутгийн өмчит компанийг ямар үндэслэлээр байгуулж болохыг илүү тодорхой болгосон. Тухайлбал, орон нутаг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй, санхүүгийн үр ашиггүй нөхцөлд нийтийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бол орон нутгийн өмчит компани байгуулж болохоор хуульчилсан байна.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг үйл ажиллагааны зорилго, чиг үүргээр нь арилжааны болон нийтийн үйлчилгээний гэсэн хоёр ангилалд хувааж, аль ангилалд хамаарахыг компанийн дүрэмд тодорхой тусгахаар зохицуулжээ.
Одоо үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийг дээрх шинэ шаардлагад нийцүүлэх ажлыг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахаар хуульд тусгасан. Харин аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг компани, нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулахтай холбоотой зохицуулалт эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хамаарахгүй болохыг хуулийн 50.6-д тусгайлан заасан байна.
Шинэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд сургалтаар орон нутгийн өмчит байгууллагууд шинэ зохицуулалтад хэрхэн нийцэж ажиллах, засаглал, удирдлага, хяналт болон ил тод байдлыг ямар зарчмаар хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль; Нийслэлийн Өмчийн харилцааны газар.

