НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, Нийслэлийн өмч болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г баталж, хүний хөгжил, эдийн засаг ба дэд бүтэц, ногоон эдийн засаг, хотын засаглал, бүсийн хөгжил, өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи зэрэг найман үндсэн бодлогын чиглэлээр нийт 538 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгалаа.
Төлөвлөгөөний хүрээнд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, нийтийн тээвэр, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттай сайжруулахаар төлөвлөсөн байна.
Боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлт үзлэг, оношилгоонд хамруулах зорилтыг тусгажээ.
Хөгжлийн төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээг бодит хэрэгцээ, үр өгөөж, санхүүжилтийн боломжтой уялдуулан хэрэгжүүлэх нь Нийслэлийн хөгжлийн зорилтуудыг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдлийг боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.